Www.Oronzai.Com

visa , college, appeal, attendance

Төрийн өндөрлөгүүд сар шинийн 1-ний өглөө ард түмнийхээ буян заяаг бурхандаа даатгалаа

2010-02-15 19:53

Монголчууд бид XVII жарны “Тийн урвагч” хэмээх цагаан барс жилийн сар шинийн 1-ний нар хур тэгширсэн сайхан өдөртэйгээ золголоо.

Энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар төрийн золголт хийснийхээ дараа Гандантэгчилэн хийдээр морилж, Мэгжид Жанрайсаг бурхандаа мөргөсөн юм. Тэднийг Гандантэгчилэн хийдийн Хамба Д.Чойжамц уламжлал ёсоор хүлээн авч дагалдан явлаа.

Дараа нь гурван өндөрлөг улс орон, зон ард түмнийхээ буян заяаг даатгаж мандал өргөх ёслолд оролцсон юм.

Сар шинийн энэхүү өдөр хүн бүр нүглийг тэвчиж, буяныг үйлдснээр тухайн жилийн буян заяа дээшилж өөдлөх бэлэгшээлтэй аж. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хундан цагаан хонь сэтэрлэх ёслолыг үйлдлээ.

Хонь сэтэрлүүлэхийн өмнөхөн Д.Чойжамц хамба “Хонь сэтэрлэдэг ёс нь ард түмнийхээ насыг арвижуулж, урт удаан наслуулах, мал сүргээ арвижуулах бэлэгшээлтэй зан үйл юм. Цагаан сар бол амьтны амийг тэвчиж буяныг үйлдэх өдөр. Тиймээс энэ сайхан бэлэгшээлт үйлийг ард түмэндээ үлгэр болгох үүднээс Ерөнхийлөгчөөр хонь сэтэрлүүлье” гэлээ.

Хариуд нь Ерөнхийлөгч “Энэ хонины амийг өршөөлөө. Олон түмэн сүрэг минь сайхан өсч улам их үржих болтугай” хэмээн ёсыг үйлдсэн юм.

Үүний дараа төрийн гурван өндөрлөг ард түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ: “Ард түмэндээ сар шинийн мэндийг дэвшүүлье! Сая ард түмнээ даатгаж мандал өргөлөө. Мэгжид Жанрайсаг бурхан бол Монголын ард түмний хүсэл зоригоор бүтсэн бурхан юм. Бурхнаас Монголын ард түмэн сэтгэлдээ хиргүй, аз жаргалтай, амар амгалан байхыг хүслээ. Мөн улс орныхоо хүсэл цэцэглэлтийг хүслээ. Монгол хүн бүхэн монгол улсын иргэн бүр газрын хол ойр хамаагүй хаа байгаа тэр бүх хүмүүс, эх орноо даатгалаа. Эх орон Монголын ард түмний маань буян заяа хийморь үргэлж өөдлөн дэвжиж болтугай хэмээн залбирлаа. Цагаан сар гэдэг бол ахмад буурлуудаа баярлуулж, тэднийг хүндэтгэж, алиа бяцхан хойч үедээ уламжлалт зан заншлаа өвлүүлсэн сайхан баяр юм. Энэ жил нар хур тэгширсэн сайхан өдөр шинийн 1-н тохиож байна. Ингээд ард түмэн, нийт иргэддээ сар шинэдээ сайхан шинэлж буян заяа нь улам өөдрөг бадарч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Баярлалаа.”

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Тэнгэр цэлмэг, алтан нар биднийг ээж, бүх хүн бие биедээ мэндчилгээ дэвшүүлэн сар шинэлгээгээ эхэлж байна. Өнгөрч байгаа үхэр жил бидэнд ээлтэй жил байсан гэж хэлж болно. Учир нь Монголын хүн ам хоёр сая 740 мянга болсон байна. Урьд урьдынхаас бидний үр сад маш олон болж өслөө. Бар жилд бидэнд ихээхэн хүч чадал, эрчим хүч сайн сайхан бүхнийг авчирна гэж бодож байна. Ингээд цагаан сарын шинийн 1-ний энэ сайхан өдөр Монголын ард түмэндээ сар шинийн мэндчилгээг дэвшүүлье! Сайхан шинэлцгээгээрэй.”

Ерөнхий сайд С.Батболд “Өнөөдөр шинийн 1-ний өглөө тунгалаг нартай сайхан өдөр болж байна. Сар шинийн мэндийг нийт Монголчууддаа дэвшүүлье! Монгол улсын төрийн өндөрлөгүүд өнөөдөр ард түмнээ даатгаж хурал номоо зан заншлаараа хурууллаа. Өнгөрч байгаа үхэр жил Монголчуудын хувьд амжилт бүтээл арвинтай сайхан жил болж өнгөрсөн. Гарч байгаа цагаан бар жил улам сайхан байж, ард түмний амьдрал өөдөлж дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.” хэмээн сар шинийн мэндчилгээгээ ард түмэндээ хүргэсэн юм.

Г.Одгарав

Ангилал : Монголын мэдээ | Нийтэлсэн : admin | Уншсан (457) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. монгол :
    2010-02-17 01:31

    сайн байцгаанауу ахан дүүсээ сайхан шинэлсэн үү энэ шашинд аа хэт их туйлширч байх шивдээ хар малнуудаа наад хараал идсэн шарын шашин чинь хэнд хэрэгтэй юм жаахан хэмжээтэй баймаар юмаа лам нарыг цөөлөх хэрэгтэй байна даа

  2. монгол :
    2010-02-17 01:30

    сайн байцгаанауу ахан дүүсээ сайхан шинэлсэн үү энэ шашинд аа хэт их туйлширч байх шивдээ хар малнуудаа наад хараал идсэн шарын шашин чинь хэнд хэрэгтэй юм жаахан хэмжээтэй баймаар юмаа лам нарыг цөөлөх хэрэгтэй байна даа

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.